Үндсэн агуулга руу шилжих
Growth

Анхан шатны ажлын байрны гуравны нэг нь хиймэл оюуны ур чадвар шаардах болжээ

NACE-ийн тайлангаар анхан шатны ажилд AI ур чадвар нэхэх нь 2025 оны намраас хойш бараг гурав дахин нэмэгдсэн. Ажил олгогчдын 48 хувь нь шинэ төгсөгч авахаас илүү AI хэрэгсэлд хөрөнгө оруулна гэжээ.

Бичсэн Mulen Battulga

1 мин унших
Ажлын ярилцлагад сууж буй залуу

Анхан шатны ажлын шалгуур өөрчлөгдөж байна. Зураг: itsmulen

АНУ-ын Коллеж, Ажил олгогчдын үндэсний холбоо (NACE)-ны судалгаагаар анхан шатны ажлын байрны зарт хиймэл оюуны ур чадвар шаардах нь 2025 оны намраас хойш бараг гурав дахин нэмэгджээ. Одоогийн байдлаар анхан шатны ажлын байрны 35 хувь нь AI ур чадвар нэхэж байна.

Илүү анхаарал татсан тоо бол ажил олгогчдын хандлага. Хүний нөөцийн менежерүүдийн 48 хувь нь шинэ төгсөгчийг авч сургахаас илүү AI хэрэгсэлд хөрөнгө оруулахыг илүүд үзэж байгаагаа хэлсэн байна. Бүтэн цагийн ажлын зарт AI дурдагдах хувь жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өсч 4.2 хувьд хүрчээ.

Гэхдээ ажил олгогчдын гомдол зөвхөн технологи биш. Судалгаанд хамрагдсан менежерүүдийн 69 хувь нь шинэ төгсөгчдийн зан үйлтэй холбоотой дор хаяж нэг санаа зовоосон асуудал дурдсан бөгөөд хамгийн түгээмэл нь ажлын хариуцлага (33 хувь) байлаа.

Дүр зураг нь тодорхой: анхан шатны ажил алга болоогүй, харин шалгуур нь өөрчлөгдсөн. Компаниуд өмнө нь шинэ ажилтанд өгдөг байсан ажлаа AI руу шилжүүлж, үлдсэн байрандаа илүү сонгомол хандаж байна.