xAI-ийн хамтран үүсгэн байгуулагчийн шинэ компани хоёр сартайдаа 1.1 тэрбум доллар татлаа
River AI нь хиймэл оюуны агентыг ажилтныг орлох биш, хэрэглэгч өөрөө сургадаг хувийн туслах болгохыг зорьж байна. Санхүүжилтэд Nvidia, AMD, Y Combinator оролцжээ.
Бичсэн Mulen Battulga
Хиймэл оюуны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт эрчимжиж байна. Зураг: itsmulen
xAI-ийн хамтран үүсгэн байгуулагч Игорь Бабушкины шинээр эхлүүлсэн River AI компани байгуулагдаад хоёр сар болж байхдаа 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсаныг TechCrunch мэдээлэв. Раундыг General Catalyst болон AMP PBC тэргүүлж, Nvidia, AMD Ventures, Y Combinator, Temasek зэрэг нэр хүндтэй оролцогчид нэгдсэн байна.
Компанийн зарласан зорилго нь салбарын зонхилох чиглэлээс арай өөр. Томоохон лабораториуд агентыг хүн ажилтныг орлох чадвартай болгохыг зорьж байгаа бол River AI хэрэглэгч өөрөө сургаж, өөрийн ажлын хэвшилд тааруулж авдаг хувийн туслах бүтээхээр төлөвлөж байгаа гэж үүсгэн байгуулагчид тайлбарлажээ.
Энэ нь өнгөрсөн хэдэн сарын хөрөнгө оруулалтын чиг хандлагатай нийцэж байна. Наймдугаар сард зөвхөн агентын дэд бүтэц, аж ахуйн нэгжийн автоматжуулалтын чиглэлд хэд хэдэн том раунд зарлагдсан. Тухайлбал бизнес байгуулах, ажиллуулах ажлыг автоматжуулах Naïve компани 28.5 сая доллар, Marc Benioff-ын дэмжсэн June компани 20 сая долларын урьдчилсан санхүүжилт авчээ.
Гэхдээ ийм хэмжээний үнэлгээ бүтээгдэхүүн гарахаас өмнө тавигдаж байгаа нь салбарын дотор ч анхаарал татаж байгаа юм. River AI одоогоор нийтэд нээлттэй бүтээгдэхүүнгүй.